• XXI зуун/Нууцууд/

    10:13:03 PM
    Үл үзэгдэгч машины эрин дэх дайн[NANO TECHNOLOGY]


    Нано машинуудын дайн айсуй



    Тодорхой шалтгаанаар нэрээ нууцлахыг хүссэн генералтай "КП” сонины сурвалжлагч ярилцжээ. Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Шинжлэх ухаан судлалын хүрээлэнгийн захирал байж. Түүний ярьсан аймшигт түүх, баримтат дүр зургийг сэтгүүлч сийрүүлжээ. "Аль орны ч юм Ерөнхийлөгч амсхийнгээ гадаа сууж байлаа гэж төсөөлье. Гэтэл түүнийг шумуул амраадаггүй. Чийртэйгээр шунгинаж байснаа биед нь хошуугаа шигтгэхэд Ерөнхийлөгч шумуулыг алгадчихна. Шумуул үхсэн мэт чимээгүй болох ч үнэндээ тийм биш. Харин ч бие рүү нь нэвтрэн орж, тушаал хүлээн чимээгүй отно”. Ийм зүйрлэлээр генерал өнөөгийн нано роботын алуурчин авирыг тайлбарлажээ. Нано робот хүний нүдэнд үзэгдэхгүй шахам. Тэгсэн атлаа яг л шумуул шиг дуугарч, нисдэг. Гэхдээ хороор цэнэглэсэн бяцхан төхөөрөмжүүдийг өөртөө агуулсан. Нано шумуул арьсны гүнд шигдмэгцээ радиогоор юм уу хиймэл дагуулаас өгөх дохиог хүлээнэ. Дохио хүлээн авмагцаа "сав”-аа уудлан хороо тараах чадвартай. Генералын тооцоогоор дэлхийн бүх хүнийг устгахад 50 тэрбум ийм шумуул хангалттай. Ийм тооны шумуул ердөө нэг чингэлэгт багтана. Генералын өгүүлснээр цусгүй ийм шимэгчийн армийг Пентоган бүрдүүлж байгаа гэнэ. АНУ-ын араас Хятад, Израиль, Өмнөд Солонгос, Австрали эл ажиллагаанд нэгдсэн бөгөөд Орос ч дутахгүйгээ харуулжээ. Нанотехнологийг түрүүлж бүрэн эзэмшсэн улс ирэх зуунд тэргүүлэгч болно. Энэ тухай бүр XX зууны дунд үед устөрөгчийн бөмбөгийг санаачлагч Эдвард Теллер ярьж байжээ. Нанотехнологийн сүйтгэгч хүчин чадал цөмийн зэвсгийг ч дагуулахааргүй хэд дахин хүчтэй болохыг өдгөө бүх мэргэжилтэн хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн био мандлыг ч нян, вирустэй нь бүрэн үгүй хийж чадах нь тогтоогдсон. Цэргийн мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар нано дайны аюул 15 жилийн дараа ч нүүрлэж болзошгүй гэнэ. 2025-2030 онд нано роботын үүслээс болж дэлхийн цэрэг-улстөрийн нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлнэ гэдгийг ч тэрбээр онцолсон байна. Генералын эл сэтгэл түгшээм, аймшигт мэдээлэл оргүй зүйл биш гэдгийг баталсан өгүүллэг саяхан "Wired” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

    Массачусетийн технологийн хүрээлэнгийн инженер, проессор Томаса Маккартигийн бичсэн уг өгүүллэг "Үл үзэгдэгч машины эрин дэх дайн” гарчигтай. Өнөө үед дайснаа ялахын тулд агаарын хөлөг, танкуудыг устгаж, үйлдвэрийг бөмбөгдөхөд хангалттай. Тэгвэл зэвсэглэл нь молекулаас бүтсэн том үйлдвэрүүдийг газрын хөрснөөс яаж арчих вэ. Мөн шинэ зэвсэг өөрийгөө дахин сэргээн шинэчлэх, нөхөх чадвартай зэргийг эрдэмтэн өгүүлэлдээ дурдсан байна.

    АНУ-ын Массачусетийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх дайчдад зориулсан нанотехнологийн хүрээлэн нь дэлхийд ганц. Энд Америкийн бүх л нано элитүүд ажилладаг. Сүүлийн үед хүрээлэнгийнхэн нано роботон алуурчны бүтэц, төхөөрөмжийг төгс болгохоор ажиллаж буй гэнэ. Роботон алуурчны шинэ механизмууд хүний биеийн чухал эрхтэний тусгай эсийг механикаар устган ердийн багтраа юм уу зүрхний шигдээсийг үхлийн шалтгаан болгон үйлдлээрээ далдлах маягаар ажиллах чадвартай аж. Ийм зарчмаар зөвхөн хүний биеийг бус бүтэн арми, хот, үйлдвэрийг ч үгүй хийх чадалтай. Агаарт хөөргөсөн мянга мянган нано ялаа хүний нүд, нүүрэнд агшин зуурт наалдаж, гар хөлийг нь хүлэн, хөдөлгөөнгүй болгох гэнэ. Мөн нано цэргийн загварыг бүтээхэд ч эрдэмтэд хичээнгүйлэн зүтгэж буй аж. Нано цэрэг галт зэвсгийн тэсрэлт, дэлбэрэлтэд тэсвэртэйгээс гадна цохилт, сумнаас зайлах чадвартай байх ёстой. Мөн мэдрэгч туяагаар илрэхээргүй хамгаалагдсан үл үзэгдэгч төрхтэй. Тэр ч атугай өөрийгөө цэнэглэх цахилгаан үүсгүүр бүхий тэжээлтэй. Тэд яг л комьютерийн тоглоомд байдаг шиг өндөр, хол үсэрч чадахаас гадна жирийн хүн шиг алхаж ч чадна. Пентоганд бас тусгай цахилгаан механик будгийг бүтээж байгаа гэнэ.

    Хамелеон мэт өнгө хувиргагч будаг нь машины гадна тал сэвтсэн тохиолдолд засвар хийн өнгөө солих чадвартай. Цэргийн DARPA агентлагийн эрдэмтэд "ухаалаг хөөс”-ийг төгс болгохын төлөө ажиллаж байгаа аж. Ийм хөөсийг тулааны талбарт онгоцноос хэдэн мянгаар нь хаях бөгөөд энэ нь бяцхан мэдрэгч төхөөрөмж бүхий радио дамжуулагч аж. Эдгээр нь эсрэг талынханд үл үзэгдэх бөгөөд хөдөлгөөн, байршил бүрийг нь мөрдөн "өөрийн” талынхандаа мэдээлэл дамжуулах гэнэ.

    Ц.Мөнхжаргал
    Админ: Realpunk | Түлхүүр үг: NANO TECHNOLOGY | Үнэлгээ: 0.0/0
    Нийт Сэтгэгдэл: 0
    Бүртгүүлж сэтгэгдэл бичнэ үү!
    [ Бүртгүүлэх | Нэвтрэх ]